Хүмүүжил, нийгмийн ажлууд

Хүмүүжлийн ажлууд нь сурагчдын физиологи, сэтгэлзүй, сэтгэл хөдлөл болон нийгэмших үйл явцыг хөгжүүлэхэд тустай. Сурагчдад өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх, санаа бодлоо чөлөөтэй, тодорхой илэрхийлж сурах, стрессийг өөрөөсөө холдуулах, гэнэтийн нөхцөл байдалд зөв шийдвэр гаргах, сайшаан дэмжих замаар харилцаагаа бататгах зэрэг өөрийнхээ үнэ цэнийг өсгөхөд чухал хувь нэмэр оруулах чадваруудад суралцах хөтөлж өгдөг.

Манай сургуулиудын нийгмийн ажилтнууд ангийн багш нар, сурагчдын зөвлөл, эцэг эхийн зөвлөлүүдтэй хамтран төлөвлөгөө гарган төрөл бүрийн үйл ажиллагаа, нийгмийн ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.

Хүмүүжлийн ажлууд

Анги удирдсан багш нь сурагчдын сурлага, хүмүүжилд хяналт тавьж туслахын зэрэгцээ сурагчдад хэрэгтэй, тэдний нас сэтгэхүйд тохирсон сэдвээр тогтмол ярилцдаг.

Тухайлбал:

  • Гэр бүл
  • Өндөр настныг хүндэтгэх
  • Эх орноо хайрлах
  • Байгаль орчноо хайрлан хамгаалах
  • Ёс суртахууны тухай
  • Хүнийг хайрлах тухай
  • Үндэсий өвөрмөц зан заншлаас суралцах гэх мэт

Урлаг, спортын арга хэмжээнүүд

“Эмпати стар” урлагийн наадам

Манай сургуулиуд хүүхдийн авьяас билэг, хүсэл тэмүүллийг хөгжүүлэхэд ямагт анхаарч ажилладаг. Энэ зорилгын хүрээнд сурагчдын дунд урлаг, соёлын олон арга хэмжээ зохион байгуулдгийн нэг нь “Эмпати стар” урлагийн наадам юм. Энэ урлагийн наадмын үеэр харьяа таван сургуулийн сурагчид урлагийн олон төрлөөр авьяас чадвараараа өрсөлдөж, дуу хуур, инээд хөөрөөр дүүрэн өдрийг өнгөрүүлдэг уламжлалтай.

Харьяа сургуулиудын сурагчдын “Спорт наадам”-ын тухай

Манай сургуулиуд сурагчдын авьяас билэг, хүсэл тэмүүллийг хөгжүүлэх, бие баялдрын болон гоозүйн хөгжлийг дэмжих, спортоор хичээллэх сэдлийг төрүүлэх, олны дунд биеэ зөв авч явах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, спортын авьяастай сурагчдыг нээн илрүүлэх зорилгоор Харьяа сургуулиудын Сурагчдын спорт өдөрлөгийг зохион байгуулж, сурагчид сагсан бөмбөг, хөл бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар зэрэг спортын төрлүүдээр өрсөлддөг.

Харьяа сургуулиудын багш ажилчдын “Спорт Наадам”-ын тухай

Манай сургуулиуд багш, ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, харьяа 5 сургуулийн багш, ажилтнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, спортоор хичээллэх идэвх сонирхлыг дэмжих, хамт олны эерэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор харьяа сургуулиудын багш ажилчдын дунд жил бүр “Спорт наадам” зохион байгуулдаг уламжлалтай. Тус наадмын үеэр сургуулиуд спортын багийн болон ганцаарчилсан 8 төрлөөр “Шилжин явах цом”-ын төлөө өрсөлддөг.

Нийгмийн ажлууд

Хичээлээс гадуур чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор аялал зугаалга, урлаг спортын шат дараатай арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Салхинд гарч, байгалийн сайхантай танилцахын хажуугаар тэмцээн, уралдаан зохион явуулах нь анги хамт олны эв нэгдэл, найз нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлж өгдөг.

Хог биш мод тарья

Эмпати сургуулиуд 25 жилийн ойгоо тэмдэглэх хүрээнд “Хог биш мод тарья” хөтөлбөрийг санаачлан, Нийтийн мод тарих өдрөөр 2019 оны 5 дугаар сард эхлүүлээ.

Энэ төслийн хүрээнд 50 гацуур модыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд суулгаж, Эмпати сургуулиудын нэрэмжит төгөл, цэцэрлэгтэй боллоо.

“Хог биш мод тарья” төслийг цаашид улам өргөжүүлэн, жил бүр уламжлал болгон хэрэгжүүлж, нэрэмжит төглийг хөгжүүлж, тохижуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Аялал

Улирлын болон зуны амралтаар эцэг эх болон сурагчдын дунд АНУ, Их британи, Герман, Энэтхэг, Турк зэрэг гадаадын улс орнууд руу аялал зохион байгуулдаг. Энэ аялалын үеэр сурагчид гадаад орны ёс заншил, соёл болон боловсролын тогтооцоотой газар дээр нь очиж танилцах боломжтой.

Герман аялал 2019

2019 онд ESAP хөтөлбөрийн хүрээнд, сургуулийн зуны амралтаар ХБНГУ-д зохион байгуулагдаж буй Герман хэлний эрчимжүүлсэн сургалт болон тус орны соёл, боловсролын системтэй танилцах аяллыг амжилттай зохион байгууллаа.

Энэтхэг аялал

Энэтхэг Монгол улс хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой болон Эмпати сургуулиудын ESAP (Empathy Study Abroad Program) буюу Гадаадын их дээд сургуульд бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд сурагч солилцооны хөтөлбөр анх удаа амжилттай хэрэгжлээ.

Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд ноён М.П.Сингийн тусламж дэмжлэгтэйгээр хэрэгжсэн тус хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар, Дархан, Орхон, Баян-Өлгий Эмпати сургуулиуд, Улаанбаатар Элит Олон улсын дунд сургуулийн нийт 22 сурагч, 3 багшийн хамт Энэтхэг улсад зочилсон юм.
Сурагчид маань Энэтхэгийн Пагвара хотын Кембридж олон улсын сургуульд зочлохдоо хичээлд нь сууж, соёл урлаг болон хичээлээс гадуур үйл ажиллагаанд нь оролцсоноос гадна Амритсар хотын Алтан Сүм, Агра хотын Таж Махал, Шинэ Дели хотын Улаан боомт болон бусад дурсгалт газруудаар зочилсон билээ.

Эмпати сургуулиуд тус “Сурагч солилцох хөтөлбөр” улам өргөжүүлж, цаашид уламжлал болгон жил бүр хэрэгжүүлэх бөгөөд дараагийн шатанд Энэтхэг сургуулийн сурагчид Эмпати сургуулиудад хариу зочлох болно.

Эцэг эхчүүд

Сургуулийн үйл ажиллагаа нь багш-эцэг эх-сурагч гэсэн салшгүй гурван холбоонооос бүрддэг. Манай сургуулиудын багш, сурган хүмүүжүүлэгчид эцэг эхчүүдтэй байнгын холбоо тогтоож, хамтран зөвлөл байгуулан ажилладаг. Анги удирдсан багш нар сурагчдын гэр бүлээр зочлон очиж эцэг эхтэй нь халуун яриа өрнүүлэхийн зэрэгцээ Монгол ахуй соёл, ёс заншилтай газар дээр нь үзэж танилцдаг.

Манай сургуулиуд эцэг эхчүүдээ сургуулийн үйл ажиллагаанд байнга татан оролцуулахыг хичээж байна. Энэ хүрээнд тэмдэглэлт өдрүүдийг эцэг эхчүүдийн хамт тэмдэглэх, тэдний дунд мэдлэг, урлаг спортын уралдаан тэмцээн явуулах, гадаад дотоодод аялал зугаалга зохион байгуулж эцэг эхчүүдийг хамруулах зэрэг нийгэм, олон нийтийн ажлуудыг мөн явуулдаг.

Сайн санааны тусламж

Манай сургуулиуд сайн санааны тусламжийн аянуудыг сурагчид, эцэг эх, багш нарын санаачилгаар оршин байгаа засаг захиргааны удирдлагуудтай хамтран жил бүр хэд хэдэн удаа зохион байгуулдаг. Уг аяны хүрээнд эмзэг бүлгийн айл өрхүүдэд хүнс, хувцас, нийтлэг өрхийн хэрэглээний бараа материал, махны тусламжийг хүргүүлдэг. Ингэхдээ сурагчдаа өргөнөөр хамруулан тэдний хүмүүжил, зан чанар болон ухамсарын төлөвшилд эерэгээр нөлөөлөхийг зорьдог.