Ерөнхий Захирлын Мэндчилгээ

Бид бүхэн 2019-2020 оны хичээлийн жилийн байдлаар 340 гаруй багш, ажилчид нөхөрсөг хамт олонтойгоор үйл ажиллагаа явуулж байна. Харьяа 5 сургуульд нийт 2000 гаруй хүүхэд суралцаж байна.

Сургуулиудын үүсгэн байгуулагч “Эмпати-Ертөнц” ХХК-ийг 2017 онд ХБНГУ-ын “Эвэ Эмпати Ворлдвайд Эдукэйшн” ХХК худалдаж авснаар харьяа сургуулиуд Монгол-Германы хамтарсан хөрөнгө оруулалттай болж өөрчлөгдсөн билээ.

2019 онд “Улаанбаатар-Элит” ОУ-ын сургууль, “Улаанбаатар-Эмпати” ерөнхий боловсролын сургуулиудын  сурагчдын төлөөлөл  2019 оны нэгдүгээр сард Герман улсад зорчиж хэлний сургалтад хамрагдахын зэрэгцээ тус улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, түүх соёл, ёс заншилтай танилцаад ирсэн юм. Энэхүү хөтөлбөрийг сурагчид, эцэг эхчүүдийн зүгээс сайшааж, үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа уламжилсны дагуу жил бүр тогтмол соёлын аялал хийхээр төлөвлөж байна.

2019-2020 оны хичээлийн жилд бид гадаад харилцаагаа улам өргөжүүлж Америкийн Нэгдсэн улсын Флорида мужийн Florida Gulf Coast University, Бүгд Найрамдах Солонгос улсын Pusan National University, Япон улсын Yamate Business College, Канадын Birmingham International Collegiate of Canada High School, ХБНГУ, ОХУ, Киргизстан, Казахстан зэрэг улсуудын олон арван сургуулиудтай Харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэж хамтын ажиллагаагаа эхлүүлээд байна.

Эмпати сургуулиуд орчин үеийн тоног төхөөрөмж, дэвшилтэд технологид суурилсан физик, хими, биологи, компьютерийн иж бүрэн лабораториудаар сургалтаа явуулдаг билээ. Бүх ангиудад проектор болон электрон ухаалаг самбар суурилуулж багш, сурагчдад ажиллах таатай нөхцөл, амжилт гаргах бүрэн боломж олгох зорилтыг хэрэгжүүлж байна. Сургуулиудад анги дүүргэлтийн хэмжээ 20-24 хүүхэд, багш сурагчийн тооны харьцаа дунджаар 1:11 байгаа нь багш нарын ажлын ачаалалд нийцэж, хүүхэд бүрт хүрч ажиллах боломжийг олгож байна.

Эмпати сургуулиар овоглосон нийт багш, ажилчид, өнгөрсөн цагийн түүхийг бичиж ирсэн үе үеийн төгсөгчид, сурагчид тэдний ард үргэлж сэтгэл зүтгэлээрээ дэмжиж ирсэн эцэг эхчүүдэд бидний түүхт 25 жилийн ойн мэндийг хүргэж “Эрдмийн их уурхайд хамтдаа зүтгэж, бүтээлцсэн үр дүнгээ эргээд харарад урамтай сайхан байгаагаа” илэрхийлэхэд таатай байна.

Хүмүүн бүхэнд сайн сайхан бүхнийг шингээсэн, түмэн ачлалт “Багш” та нарын маань өлмий бат оршиж, мэлмий тунгалаг байх болтугай.

 

ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ

Б.ГАНБАТ